-Гэр бүл гэдэг үгийг хамгийн энгийнээр тайлбарлавал…
-Хайр сэтгэл, эд хөрөнгө, удам угсаа гурвыг нийлүүлж байгаа өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн түүхийг үргэлжлүүлэх нэгдэл. Дурласан хос гэрлэлтээр дамжуулан хайр сэтгэлээ нэгдүүлдэг. Мөн эд хөрөнгөө ч нийлүүлдэг. Эд хөрөнгө их бага байх нь чухал биш. Хайр сэтгэлээрээ нийлж, дараа нь хамтын хүчээр эд хөрөнгөө бий болгосон гэр бүл хамгийн аз жаргалтай, бат бөх байдаг. Гэр бүлийн хамгийн чухал үүрэг нь өөр өөр удмын хүн гэрлэж, шинэ хүнийг бүтээдэг.
-Сайхан гэр бүлтэй болохын тулд сайн ханьтай байх хэрэгтэй. Залуус хайр сэтгэл гэхээсээ мөнгийг илүүд үзээд байх шиг. Амьдралын ханиа сонгохдоо юу анхаарвал зохих вэ?
-Бидний өвөг дээдэс “Биеэ засаад, гэрээ зас” гэж хэлсэн байдаг. Өөрийн зан чанар, сэтгэлээ зөв төлөвшүүлж чадсан хүн бусдыг хайрлах, хүндлэх чадвартай болдог. Мөнгө, эрх мэдэл, байр суурь бус зан чанар, хүнийг хайрлах сэтгэл, ар гэрийн хүмүүжлийг нь анхаарч ханиа сонговол насан туршийн хайр байж чадна. Хүнээр хайрлуулахаасаа өмнө өөрөө бусдыг хайрлаж сурах хэрэгтэй. Гэр бүл болох нь хүн төрөлхтний нийгэмд гүйцэтгэх ёстой үүрэг, бичигдээгүй хууль. Хүн бүр сэтгэлдээ мөрөөдлийн төгс ханхүү, гүнжээ төсөөлсөн байдаг. Яг л тийм хүнийг хүлээгээд байдаг. Зарим нь цаг нь болоогүй хайрыг эрж хайж, бүтэлгүй дурлалаас болж шаналж, зүрх сэтгэл нь шархалж үлддэг. Орчин үед хүмүүс гэрлэхээсээ өмнө олон хүнтэй учирч, зан чанараа доголдуулж, сэтгэлээ эвдэж, ой санамжиндаа хүйтэн хөндий дурсамж хадгалж, сэтгэлзүйн хямралд орж, үүнээс шалтгаалан ирээдүйн ханиа сонгохдоо итгэлгүй болж байна. Хүн өөрт тохирох хүнтэйгээ учрахыг боддог ч төсөөлж байгаагаасаа эсрэг хүнд илүү татагдаж, гэрлэдэг.
-Хэдэн насандаа гэрлэвэл тохиромжтой вэ. Өнөө үед гэрлэлтийн нас ямар байгаа вэ?
-Хорин нэгэн насанд хүний бие махбодь, сэтгэл зүй төгс төгөлдөрт хүрсэн байдаг. 21-25 насандаа гэрлэвэл тохиромжтой. Дэлхий даяар гэрлэлтийн нас хожуу болж байгаа. Минут тутамд хөгжиж байгаа энэ үед боловсролдоо илүү анхаарч, нийгмийн шаардлагаар тодорхой байр суурь, эд хөрөнгөтэй болсны дараа гэр бүлтэй болохыг илүүд үзэх болсон. Залуу насандаа чөлөөт дурлалын харилцааг үүсгэж, нэгээс илүү хүнтэй харилцаанд орж, бие биеэ хуурах, хайр нь бүтэлгүйтэх зэргийн улмаас зарим нь бүр гэрлэхийн эсрэг үзэлтэй болж байна. Ийм үзэлтэй хүнээс “Яагаад” гэж асуухад “Аав ээж маань надаас гадна таван хүүхэдтэй. Тэдний нэг нь манай удмыг үргэлжлүүлчихнэ биз. Харин би хэзээ ч гэрлэхгүй” гэж хариулсан. Энэ бол хайрын тухай зөв ойлголт байхгүйгээс болж буй үнэхээр байж боломгүй зүйл.
-Гэр бүлтэй байхын үнэ цэнийг хүмүүст ойлгуулах, хүүхдийг гэр бүлд зөв төлөвшүүлэхийн тулд юу хйих вэ?
-Ахлах сургуулиас нь эхлэн их, дээд сургуульд нь системтэйгээр гэр бүлийн хүмүүжил, гэр бүл төлөвлөлтийн тухай хичээл оруулж, багаас нь уг хүнийг зөв төлөвшүүлэх хэрэгтэй. Нэг хоёр жилийн алсыг хардаг улс хоол хүнсээ төлөвлөдөг, хорь гучин жилийн алсаа хардаг улс байгальдаа мод тарьдаг, хоёр гурван зуун жилийн алсыг хардаг улс хүнээ хүмүүжүүлэх бодлого барьдаг гэсэн үг байдаг.
-Энэ саналаа холбогдох газар нь дэвшүүлсэн үү?
-“Монголын гэр бүлийн холбоо”-оос Засгийн газарт 2001 онд өргөх бичиг барьж, Гэр бүлийн өдөртэй болгосон. Мөн БСШУЯ-нд гэр бүлийн болон сэтгэлзүйн чиглэлээр ажилладаг байгууллагууд хамтарч, хүүхдийн зүрх сэтгэлийн боловсрол, хүмүүжилд анхаарч, ёс суртахууны цуврал хичээлийг оруулъя гэсэн санал бүхий өргөх бичиг барих гэж байгаа. Биднийг дэмжинэ гэдэгт найдаж байна.
-Манай улсад гэр бүл салалт хэдэн хувьтай байна вэ?
-Насанд хүрэгчдийн мянган хүнд ногдох гэр бүл салалтын функтаар 3.1 хувьтай байгаа. Энэ бол өндөр үзүүлэлт. Сүүлийн хориод жилийн хугацаанд дунд насныхны гэр бүл салалт маш их гарсан. Судлаачид, үүний шалтгаан нь эрх чөлөөг хэт дээдэлж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг умартсанаас болсон бөгөөд ардчилал гарсан нь хүний ухамсарт эрх чөлөө гэдэг зүйлийг буруу ойлгуулж, нийгэмд буруу чиг хандлагыг бий болгосон гэж тайлбарладаг. Хүмүүс эдийн засгийн байдал, бэлгийн харилцааны үл таарамж, хамаатан садан, найз нөхдийн нөлөөгөөс болж гэр бүл салдаг гэж ярьдаг. Гэрлэхдээ “Би чиний төлөө үхэж чадна” гэж амладаг ч хэдэн жилийн дараа тэр хайрын гал нь бөхчихдөг. Яагаад гэвэл бие биедээ өгөөд мартах ёстой "амьдралыг тэтгэгч" хайрыг бие биеэсээ буцааж авах гээд хариу нэхэж эхэлсэнээр гэр бүл салахад хүргэж байгаа юм.
-Зарим хүн нууц амрагийг байх ёстой зүйл мэт хүлээж авч байна…
-Өнөөдрийн нийгэмд хайрын гурвалжин үүсэх нь их болж. Энэ бол маш буруу. Эр эм хүн хайр сэтгэлээрээ нэгдэж, нэгэн агуу зорилгын төлөө гэр бүл зохиож, нийгэмд өөрсдийн ертөнцийг бүрдүүлж амьдардаг. Гэр бүлийн хайр бол хэнтэй ч хуваалцамгүй ариун нандин, үнэнч шинж чанарыг шаарддаг. Гэтэл нэг нэгнээ хуурч, гуравдагч харилцагчыг амьдралдаа оруулах нь хорвоо ертөнцийн зүй тогтлыг зөрчиж байгаа хэрэг. Гэр бүлээсээ гадуур амьдралтай хүний эрүүл мэнд, аз жаргалтай мэдрэмж нь үгүй болдог. Тэд хэзээ ч сэтгэл хангалуун, тайван байж чаддаггүй. Хүмүүс одоо цагаа л бодож, эхнэртээ мэдэгдэхгүйгээр нууц амрагаа зохицуулаад байж болох мэт санадаг. Энэ бодол нь үр хүүхдэд нь удамшиж, хэн нэгнийг хуурахад бэлэн сэтгэлгээтэй хүн болж хүмүүжихэд нөлөөлдөг. Үр удам нь түүний амьдралыг үргэлжүүлдгийг мартчихдаг.
-Гэр бүлээсээ гадуур амьдрал зохиож, гэр бүлээ орхисон тохиолдолд хариуцлага тооцох хууль байгаа юу?
-Байхгүй. Манай улсын гэр бүлийн хуулинд гэр бүлээ орхиж явсан тохиолдолд эд хөрөнгийн асуудлаар л шийддэг. Хувь хүнд хариуцлага тооцох заалт байдаггүй. Аливаа хөгжсөн улс орон гэр бүлийн талаар маш нарийн бодлоготой байдаг. Харин манай улсад гэр бүлийн тухай гуравхан хууль байна. Монголын 700-аад мянган өрхийн гэр бүлийн бодлогыг хэн хариуцах вэ. Тиймээс хуулиндаа гэр бүлийн тухай төрийн бодлого оруулах шаардлагатай байна.
-Хүчирхийлэлтэй гэр бүлд өсч байгаа хүүхдийн сэтгэлзүй тайван гэр бүлд өсч буй хүүхдээс өөр байдаг. Ийм байдалд өсч буй хүүхдийг яаж нийгэмд зөв төлөвшүүлэх вэ?
-Гэмт хэрэгт орооцолдсон хүүхдийн 75 хувь нь эцэг эх нь салсан, эсвэл хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн байдаг. Ийм гэр бүлд өссөн хүүхэд засаршгүй өшөө авагч болох магадлал их. Зарим хүүхэд багадаа мэдрээгүй хайраа бусдын юмыг авч, өөрөө их юмтай байх гэсэн хүслээр хулгай хийдэг. Зарим нь дээрэнгүй, танхай, дарангуйлагч гэх мэт зан чанарын хувьд доголдолтой болж хүмүүждэг. Хүүхдэд эцэг эх нь л зөв үлгэр дуурайл үзүүлэх үүрэгтэй. Гэтэл манай гэр бүлүүд хүүхдийнхээ хүмүүжлийг анхаарахаа больчихсон гэж болно. Нүдэн дээр нь хэрэлдэж, хэрүүлдээ оролцуулж, нэг ёсондоо хэрүүл зааж өгдөг. Хүчирхийлэлтэй гэр бүлийн эцэг эхийн хүүхэддээ хандах хандлага, гэр бүлийн орчныг өөрчилж байж л хүүхдийн хүмүүжил, сэтгэхүйд нөлөөлж чадна. Тиймээс эцэг эхчүүдийн боловсрол, зан чанарын төлөвшилд анхаарал хандуулах хэрэгтэй. Эцэг эхийнх нь зан байдлыг өөрчилж чадахгүй бол сургуулиар нь дамжуулж, хамт олон дунд нь төлөвшүүлэх нь зөв. Хүүхдийг зан байдлын доголдолгүй сайн хүн болгож хүмүүжүүлэх нь улс орны хөгжлийн хамгийн том баялаг, хөдөлгүүр болдог.
-Орчин үед гэр бүлд гарч байгаа зөрчлийн нэг шалтгаан нь эхнэр, нөхрийн гэр бүл дэх байр суурийн байдал болоод байх шиг анзаарагддаг…
-Эрт үеэс эрэгтэй хүний далд ухамсарт хадгалагдаж ирсэн зүйл бол эсэргүүцэн тэмцэх, гэр орноо хамгаалах шинж чанар. Эмэгтэй хүнд түшиг болох ёстой гэдэг утгаар удирдагч байдлаар ханддаг. Дорнын гүн ухаанд эр, эм хүнийг арга, билэг гэж тайлбарладаг. Арга бол санаачлагч буюу хайрыг өгөгч, билэг бол гоо сайхныг үзүүлэгч юм. Орчин үеийн гэр бүлд эрх тэгш байх ёстой гэсэн асуудал гарч байна. Гэр бүлийн үүргийн хувьд эрх тэгш байж болох ч дотоод агуулгын хувьд нөхөр илүү байр суурьтай байх нь зөв юм.
-Эр, эм хүн сэтгэлзүйн хувьд ямар ялгаатай вэ?
-Эрэгтэй хүн үгээ бодож байгаад хэлдэг. Харин эмэгтэй хүний бодол, үг нь давхцаж байдаг. Эмэгтэй хүн амьдралынхаа туршид эрэгтэй хүнээс хоёр дахин их үг ашиглаж ярьдаг гэсэн судалгаа бий. Эрэгтэй хүн бодол санаагаа илэрхийлэхдээ тааруухан, үг цөөнтэй, мөн өөрийгөө эхнэрийнхээ төлөө байж чадаж байгаа л гэж боддог. Их ярьж, үглэх дургүй. Эр, эм хүн бие биеийнхээ төлөө төрсөн нь үнэн учраас эмэгтэй хүн л эр хүнийг өөртөө уяж байх нь чухал. Эмэгтэй хүн нөхрөө бусдын нөхөртэй маш их харьцуулдаг. Хүн болгон өөр учраас энэ тал дээр ухаанлаг хандах хэрэгтэй.
-Хардалтын талаар…
-Хайртай бол хартай биш, хайртай бол хайртай л байх ёстой. Хардалт бол сөргөөр ургуулан бодох сэтгэл зүйн өвчин.
-Хүүхдийнхээ гэр бүлийн амьдралд эцэг эх оролцох нь зөв үү?
-Буруу. Гэрлэсэн ч тусдаа гаралгүй эцэг эхтэйгээ амьдрах эсвэл тэдэнтэйгээ ойрхон амьдарч байгаа тохиолдолд асуудал их үүсдэг. “Түлээ модны ойр нь дээр. Төрөл садны хол нь дээр” гэдэг үг бий. Энэ үгийг л хэрэгжүүлж чадвал хадмуудтай холбоотой асуудал гарахгүй. Эцэг эхчүүд ямар ч тохиолдолд хүүхдээ л өмөөрдөг. Сайн хадмууд хүний хүүхдийг өмөөрч, өөрийнхөө хүүхдийн зөв байсан ч буруутгадаг. Гэр бүлд асуудал, маргаан их гардаг. Гэхдээ үүнийгээ шийдүүлэх гэж аав ээж, ах дүүдээ ханддаг нь маш буруу. Тэднийг оролцуулснаар асуудлыг хэзээ ч зөв шийдэж чадахгүй. Харин ч гэр бүл салахад хүргэж болно.
-Манай улсад хүмүүс сэтгэл зүйч, гэр бүл судлаачид хандах нь хэр байдаг вэ?
-Манай улсын хувьд энэ бол шинэ салбар. Гэр бүлд зөвөлгөө өгдөг төв байхгүй. Сүүлийн тав зургаан жилд хэд хэдэн сэтгэл зүйн төв байгуулагдсан. Манайхан хаалттай, дотогшоо сэтгэлтэй талдаа. Гэр бүлийнхээ асуудлыг илэн далангүй ярьж чадах нээлттэй хүн ховор. Ихэнх нь хүнийг хайрлах биш хэн намайг хайрлах бол гээд бусдаас хайр хүлээгээд байдаг. Хүмүүсийн зүрх сэтгэл хаалттай байгаа учраас сэтгэлзүйн төвд хандах хүн цөөн байна. Гэхдээ тодорхой хэмжээнд ханддаг хүмүүст байдаг.
-Ямар хүмүүс хандах уу?
-Гадаадад амьдарч байсан, эсвэл үнэхээр гэр бүлийн амьдрал нь болж бүтэхгүй байгаа эмэгтэйчүүд илүү ханддаг. Хандаж байгаа хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгч, гэр бүлийн асуудлаа шийдэж, бодитойгоор өөрчлөлт гаргахад нь тусалдаг.
-Залуусдаа хандаж сайхан үг хэлэхгүй юу?
-Гэрлэхдээ өчүүхэн сэтгэлээр биш, харин сайхан амьдрах агуу зорилгыг төв болгож гэрлэх нь тухайн гэр бүлийг ямар ч үед салахгүй байх хамгийн үнэт шалтгаан болдог. Хайрлана гэдэг нялуурахын нэр биш. Харин нэгэн зүгт харж чаддаг, нэг зорилготой байх юм шүү.
Ярилцсан: Г.Болороо