Хаалганы салж унах гэж буй мэт чимээ, хүмүүсийн яриа, радиогоор явах муухан дуулдах дуу хөгжим нийлж, энэ чимээ шуугианд толгой эргэн, аливааг тунгаах чадваргүй болтлоо оюун бодол үймэрч, гагцхүү зорьсон газраа түргэн хүрэхийг л хүсч байв. “Дэлхийд манай улс шиг бохир заваан, тав тухгүй тээврийн хэрэгсэлтэй орон бараг байхгүй дээ” гэж хэлсэн багшийн үг сонсогдлоо. Гэтэл зэргэлдээ сандал дээр шахалдан суусан арван нэг, хоёртой бололтой дөрвөн жаалын яриа миний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн юм. Нас. биедээ ахадсан яриатай тэдгээр хүүхдүүдийг гаднах байдлаас нь аживал, хараа хяналтгүй гэгддэг тэнэмэл хүүхдүүд бол биш. Харин дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, жаргал нь дэндсэн, ах захгүй хүүхдүүд мэт байв. Тэдний яриагаар бол, тэд амьдрах аргыг аль хэдийн олчихсон юм байх. “Мөнгө олох маш амархан” гэхчлэн ярих санаа нь миний бодлоос лав сар шиг холын газар оджээ. Цааш нь “том хүний” гэгддэг онигоог чанга дуугаар тод гэгч нь яриад, бахархалтай нь аргагүй биенээ нудран хөхрөх нь “бяруу болоогүй байж, бухын баасаар баана” гэгч болж байх шиг санагдан, сэтгэлийн гүнд далд зовнил төрөв. “Цэцэн хурга”-нуудын энэ мэт эрээ цээргүй яриаг сонссон зорчигчид, хоорондоо “Одооны хүүхдүүд үү. Ямар ч хүмүүжилгүй” гэх мэтээр ярилцан, хялалзаж байсан ч тэдэнд хэн ч, юу ч хэлээгүй юм. Мөнөөх жаалууд ч тэдний ийнхүү ярихийг анзаарах ч сөхөөгүй байлаа.
“Хоёр эвэрт” зогсож, хаалга үүд нь тарчигнан, сүр бараатай нээгдээд, “цэцэн хурга”-нууд “амтат” яриагаа үргэлжлүүлсээр буун одлоо. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүүхдүүд “эрдэм”-тэй болж байгаа гэж жигтэйхэн.
Г. Болороо